АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри 6-р сарын 2-8-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсын Парис, Монгол Улсын Улаанбаатар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын (БНХАУ) Бээжин хотуудад албан ёсны айлчлал хийнэ.
Төрийн нарийн бичгийн дарга Керри 6-р сарын 2-4-ны өдрүүдэд Францын Парис хотноо айлчилж Ойрхи Дорнодын энх тайвны талаар хэлэлцэх яамдын уулзалтад оролцож, Францын Гадаад хэргийн сайд Жан-Марк Эйрутэй Ирак, Сири дахь ИСИЛ-ийн эсрэг эвслийн хүчин чармайлт болон бусад асуудлаар хэлэлцэхээр уулзана.
Үүний дараагаар Төрийн нарийн бичгийн дарга Улаанбаатар хотноо Засгийн газрын өндөр албан тушаалтан болон залуу манлайлагч нартай уулзалт хийж, Монголын уламжлалт соёлын хөтөлбөрт оролцоно.
6-р сарын 5-7-нд Төрийн нарийн бичгийн дарга БНХАУ-ын Бээжин хотноо айлчилна. Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн тусгай төлөөлөгчид болох Төрийн нарийн бичгийн дарга Керри болон АНУ-ын Сангийн Сайд Жэйкоб Ж. Лью нар, БНХАУ-ын дарга Си Жиньпиний тусгай төлөөлөгчид болох Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жиечи болон Ерөнхий сайдын орлогч Ван Ян нар хамтран даргалах 8 дахь удаагийн “АНУ-Хятадын стратегийн болон эдийн засгийн яриа хэлэлцээр”-т (S&ED) АНУ-ын төлөөлөгч гишүүд, БНХАУ-ын мэргэжил нэгт хамтрагч нарын хамт оролцоно.
Тус хэлэлцүүлгээр хоёр оронд тулгараад байгаа хоёр талын, бүс нутгийн болон дэлхийн хэмжээний урт, богино хугацааны эдийн засаг, стратегийн сорилтууд болон боломжуудад анхаарлаа хандуулах болно.
Төрийн нарийн бичгийн дарга S&ED-ээс гадна мөн БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч Лю Яндоны хамтаар 7 дахь удаагийн “АНУ-Хятадын мэргэжилтэн солилцооны зөвлөлдөх уулзалт” (CPE)-д оролцоно. CPE нь боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, спорт, эмэгтэйчүүдийн асуудал болон эрүүл мэндийн салбарт АНУ-Хятадын ард иргэдийн харилцааг бэхжүүлэн дэмжиж, засгийн газар, хувийн хэвшлийн төлөөлөгчдөд жилд нэг удаа хамтран ажиллах асуудлаар өргөн цар хүрээнд стратегтэйгээр хэлэлцэх боломжийг олгодог.
Төрийн нарийн бичгийн дарга Керригийн айлчлалыг твиттэр дээр @JohnKerry, @StateDept, болон @StateDeptSpox хаягуудаар дагаж, Төрийн департаментын Flickr хуудсаас аяллын зураг үзэж, blogs.state.gov/social-feeds болон www.state.gov сайтуудаас мэдээлэл аваарай.