2015 оны 4 сарын 24-ны Баасан гарагт Америкт төгсөгч монголчуудын “Хөгжлийн элч” (ХЭ) холбооны “Хүндэт зочин” хөтөлбөрийн зургаа дахь зочноор Улсын их хурлын гишүүн, НҮБ-ын байгаль орчны ассамблейн ерөнхийлөгч, Геологийн ухааны доктор С. Оюун оролцож ногоон хөгжил болон тогтвортой хөгжлийн талаар яриа хийлээ.
Доктор С. Оюун нь Улсын их хурлын дэд дарга, Гадаад хэргийн сайд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар ажиллаж байсан ба Young Global Leader Alumni, World Economic Forum, World Economic Forum’s Global Agenda Council on Water Security зэрэг дотоодын болон олон улсын ашгийн бус байгууллагуудыг тэргүүлж, Зориг санг үүсгэн байгуулагч, тэргүүлэгч юм.
Хөгжлийн элч холбооны тэргүүн А.Ундраа удирдсан тус ярианд АНУ-ын Төрийн департаментын хөтөлбөрт хамрагдсан төгсөгчид болон Монголын залуу удирдагчдад оролцож, байгаль орчин, тогтвортой хөгжлийн талаарх сонирхсон асуултдаа хариулт авлаа. Митчел сан нь тус арга хэмжээг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн.
Хүндэт зочин хөтөлбөр нь Төгсөгчдийн холбооны Төгсөгчдийн хамтын инновацийн сангийн санхүүжилтээр хийгдэж буй есөн сар үргэлжлэх цуврал илтгэлийн хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр нь ардчилал болон хүний эрх, бизнес болон CSR буюу (аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлага), байгаль орчин ба шинжлэх ухаан гэсэн сэдвүүд дээр голчлон анхаарлаа төвлөрүүлнэ. Сэдэв тус бүрд гурван зочныг урьж оролцуулна.
Хөтөлбөр нь төгсөгчдийг нөлөө бүхий удирдагчид, хувь хүмүүстэй дээрх чухал сэдвүүдээр хамтарсан хэлэлцүүлэг хийх замаар үзэл санаа, урам зоригийг бий болгон төлөвшүүлэх нийтлэг платформ бүтээх зорилготой юм.