(AEIF 2015) Америкт төгсөгчдийн төслийн уралдаанд Монгол улсаас хоёр төсөл шалгарлаа

АНУ-ын Төрийн Департаментаас тав дахь жилдээ хэрэгжүүлж буй Америкт төгсөгчдийн төслийн уралдааны эцсийн шатанд Монгол улсаас өрсөлдсөн “Equal Access: Crowdsourcing a Wheelchair Map” болон ”Empowering Women and Girls through Entrepreneurship” төслүүд шалгарлаа.

Энэхүү төслийн уралдаанд дэлхийн өнцөг булан бүрээс 800 гаруй төслийн саналууд ирсэн ба түүнээс эмэгтэйчүүд болон охидын боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлуудыг хөндсөн 43 оронд хэрэгжих нийт 48 төсөл шалгарсан байна.

Монгол улсаас шалгарсан хоёр төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш эрх мөн эмэгтэйчүүд болон охидыг чадавхижуулах чиглэлийн хүрээнд хэрэгжих юм.

“Equal Access: Crowdsourcing a Wheelchair Map” – ийн үндсэн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа тулгуур эрхтэний бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй онлайн газрын зургийг хөгжүүлэх ба түүгээр дамжуулан  Монгол улсад хүний эрхийн үйл ажиллагааг улам өргөжүүлэх, бэхжүүлэхэд чиглэгдсэн юм. Төслийн багийн энэхүү санаачилга нь дэд бүтцийг илүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрэлцээтэй болгож тэдгээр иргэдийн амьдралын чанар болоод нийгмийн оролцоог сайжруулах юм.

Эмэгтэйчүүд болон охидыг чадавхижуулах чиглэлд шалгарсан ”Empowering Women and Girls through Entrepreneurship” төсөл нь Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй бага орлоготой эмэгтэйчүүдийн санхүүгийн болоод жижиг дунд бизнес тэр дундаа гарааны бизнесийн тухай мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн. Тус төсөл нь эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт, тэдэнд нээлттэй байгаа боломжуудын талаар ойлголт өгснөөр ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг нь хангах зорилготой.

Төрийн департаментаас анх 2011 онд Америкт төсөгчдийн төслийн санг бий болгосон ба гол зорилго нь дэлхийн олон оронд тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх шинэлэг шийдэл болон нийтлэг үнэт чанарыг хөхиүлэн дэмжих төгсөгчдийн санал санаачлагыг дэмжих юм. AEIF нь АНУ-ын Төрийн департаментын санхүүжилттэй солилцооны болон тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан төгсөгчдийн дунд явагддаг ба энэхүү төслийн уралдаанаар төгсөгчдийг өөрсдийн олж авсан мэдлэг, ур чадвараа ашиглан олон нийтэд чиглэсэн төсөл үйл ажиллагаад хэрэгжүүлэхэд санхүүжилт олгодог хөтөлбөр юм.