АНУ-ын Төрийн департаментын Хятад, Монгол, Тайваний албаны Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Сюзан А. Торнтон ба Батлан хамгаалахын Зүүн Азийн асуудал эрхэлсэн албаны Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч ноён Абрахам Дэнмарк нар 2015 оны 7 дугаар сарын 29-30-нд ёслол төгөлдөр зохион байгуулагдсан Монгол дахь анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо. Хатагтай Торнтон болон ноён Дэнмарк нар нээлтийн үйл ажиллагаанд оролцохоос гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар оройн зоогны хүлээн авалт, УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар үдийн зоогны хүлээн авалт зэрэг Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулсан хэд хэдэн үйл ажиллагаанд оролцсон.
Сюзан Торнтон Монголын ард түмэнд ардчилсан шилжилтийн баяр хүргэж, АНУ, Монгол Улсын хоорондын бат бөх харилцааг дахин баталгаажууллаа. Тэрээр 25 жилийн ойд зориулсан олон улсын хүндэтгэлийн хуралдаан дээр хэлсэн үгэндээ “Монголын ардчиллын шийдвэр нь аливаад өөрсдийн дуу хоолойгоо хуваалцдаг, тэсвэр хатуужилтай Монголчуудын эр зориг, шийдэмгий занг харуулсан явдал байсан. 25 жилийн өмнө сонгууль явуулах Монгол Улсын шийдвэрийн ачаар өнөөдөр гурван сая монголчууд өөрсдийн мөрөөдөл, зорилгодоо хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх засгийн газраа сонгох боломжтой болоод байгаа билээ” гэлээ. Хатагтай Торнтон айлчлалынхаа үеэр Монгол Улсын Засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай одоо хэлэлцэгдэж буй хууль эрх зүйн болон бизнесийн шинэтгэлүүдийн талаар ярилцахын хажуугаар иргэний нийгмийн байгууллагууд болон бизнесийн төлөөллүүд, Улаанбаатар хотын гэр хороололд аж төрж буй иргэдтэй уулзлаа. Энэ нь түүний Монгол Улсад хийсэн гурав дахь айлчлал юм.
Ноён Дэнмарк 7 дугаар сарын 29-нд Олон улсын хүндэтгэлийн хуралдаанд мөн оролцож айлчлалынхаа үеэр Батлан хамгаалахын Дэд сайд А. Баттөр, Жанжин штабын Дарга, Хошууч Генерал Д.Даваа нартай уулзалт хийсэн. Монголын цэрэг Афганистан дахь дэмжлэг, үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа явдалд Ноён Дэнмарк талархал илэрхийлээд энхийг сахиулах үйл ажиллагаанд оруулж буй Монгол Улсын оролцоог магтан сайшаалаа. Ноён Дэнмарк энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургуулилалт Хаан Күэстийг дурьдаад, АНУ болон Монгол Улсын хооронд үргэлжилж буй цэргийн хамтын хүчин чармайлтыг онцоллоо.