АНУ-ын Төрийн департаментаас “Хэвлэл мэдээллийг чөлөөл” аяныг тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна

АНУ-ын Төрийн департаментаас ирэх сарын 3-нд болох Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн ач холбогдлыг тэмдэглэх хүчин чармайлтын нэг хэсэг болгон “Хэвлэл мэдээллийг чөлөөл” аяныг тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Мэдээлэл хийснээсээ болж цензурдүүлж, дайралтад орж, заналхийлэлд өртсөн, хоригдсон болон бусад хэлбэрээр дарамтад орж нөхцөл байдал нь дээрдэхгүй байгаа сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг энэ онд Төрийн департамент онцлох бөгөөд дэлхий даяар сэтгүүлчдийг мөрдлөг хавчлагад оруулж буй сэтгэл түгшээсэн чиг хандлагыг мөн хэлэлцэх болно.

Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эр зориг, ажлыг хүндэтгэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахыг засгийн газруудад уриалах, АНУ-д болон дэлхий дахинаа энэхүү эрх чөлөөг дэмжих өөрсдийн үүрэг амлалтаа тодотгох үүднээс Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч 4-р сарын 26-аас 5-р сарын 3-ны хооронд Өдөр тутмын хэвлэлийн бага хурлаар дэлхий дахинд аюул заналхийлэл дор буй сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөл болсон хэргүүдийг онцлох болно. Эдгээр хэргүүдийг www.HumanRights.gov сайт дээр байрлуулж, #FreethePress тагаар твиттэр дээр нийтлэх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг DRL-Press@state.gov хаягаар холбогдож лавлана уу. АНУ-ын Төрийн департаментын ардчилал, хүний эрх, хөдөлмөрийн эрхийн асуудлаарх сүүлийн үеийн мэдээллийг твиттэрийн @State_DRL болон @HumanRightsGov хаягаас болон http://www.state.gov/j/drl/ сайтаас авна уу.