
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг дэмжих, хамгаалах АНУ-ын Элчин сайдын яамны хүчин чармайлтын нэг хэсэг болгож АНУ-ын Элчин сайд Женнифер Зимдал Галт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр АНУ-ын Соёл мэдээллийн төв дээр хүлээн авалт зохион байгууллаа. “Оролцоог хангах нь чухал: өөр өөр боломжтой хүмүүсийн хүртээмж ба чадваржуулалт” уриан доор тэмдэглэн өнгөрүүлсэн тус арга хэмжээг Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооны дуучин, морин хуурчид ардын дуугаар нээсэн.
Элчин сайд Галт нээлтийн үгэндээ онцлохдоо, “Иргэний идэвхийг дэмжиж, нийгмийн амьдралд оролцох хүн бүрийн эрхийг хангаснаар улсынхаа хөгжил цэцэглэлтэнд хүн бүр хувь нэмрээ оруулах боломжийг Монгол Улс иргэддээ олгож чадна” гэлээ. Үүний дараагаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдулам, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагын Үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар нар үг хэлж, Ц.Оюунбаатар Элчин сайдын яамны хөтөлбөрөөр Хөгжлийн бэрхшээлтэй америкчуудын тухай хуулийн 25 жилийн ойд бүтээсэн видеог мөн танилцуулсан байна.

Хүлээн авалт дээр Элчин сайдын яамнаас “Анима” дүрслэх урлаг, дизайны сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын 10 бүтээлийг дэлгэн үзүүлсэн. Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн дурсгалд зориулан байгуулагдсан “Анима” урлагийн сургууль нь 1997 оноос хойш 60 гаруй хөгжлийн бэрхшээлтэй оюутныг элсүүлэн сургасан ба одоогоор 19 хөгжлийн бэрхшээлтэй оюутан суралцаж байна. Тус сургуулийн захирал Я.Булган хэлэхдээ, “Манай сурагчид бүтээлээрээ дамжуулан өөрсдийн бухимдал, сэтгэл зовнилоо илэрхийлдэг ба энэ нь тэднийг стрессээ тайлж, хүчтэй, эрүүл болоход нь тусалдаг. Бүтээл туурвихад буруу сэдэв гэж байдаггүй харин та нар зөв аргийг л олох хэрэгтэй гэж бид сурагчид даа дандаа хэлдэг” гэлээ.
Бүтээлүүдийг 2015 оны 12-р сарын 4-нд Улаанбаатар ход дахь Америкийн соёл мэдээллийн төв дээр нийтэд нээлттэй дэлгэн тавина.
Элчин сайд Галтын хэлсэн үгийг бүрэн эхээр нь эндээс хүлээн авна уу. Үйл ажиллагааны зургийг эндээс үзнэ үү. Америкийн төвийн тухай мэдээллийг тэдний вэбсайт, фэйсбүүк хуудсаас нь эсвэл 70115703-аар холбогдож лавлана уу.