АНУ-ын Элчин сайдын яам Энх тайвны корпусын “Хөдөөнөөс хотруу” хөтөлбөрийн оролцогчдыг хүлээн авч уулзлаа

“Виллажаас –Ситид” хөтөлбөрийн сурагчид өөрсдийн талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн захидлыг дурсамж бичгийн хамт гардууллаа.
“Виллажаас –Ситид” хөтөлбөрийн сурагчид өөрсдийн талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн захидлыг дурсамж бичгийн хамт гардууллаа.

2015 оны 6 сарын 17-ны Лхагва гарагт АНУ-ын Элчин сайдын яам (ЭСЯ) Энхтайвны корпусаас “Village to City” буюу “Хөдөөнөөс хотруу” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотноо айлчлал хийсэн ахлах сургуулийн сурагчид болон багш нарын бүлгийг хүлээн авч уулзлаа.

Сурагчдыг ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны ажилтан Ричард Робертс угтан авч, ЭСЯ-ны Олон нийттэй харилцах алба, Батлан хамгаалахын атташе, Улс төрийн алба, Ерөнхий үйлчилгээний газрын Монгол ажилтнуудтай уулзсан ба сурагчид тэдний ажил үүрэгтэй танилцаж, мэргэжлийн онцлог, шаардагдах ур чадвар, мэдлэгийн талаар суралцсан. Үүний хажуугаар тэдэнд агаарын бохирдолттой тэмцэх ЭСЯ-ны санаачлаг болох Ирээдүйн гэр төсөлтэй танилцаж, ЭСЯ дахь Америк гэрээр орж, тус гэрийн усаар ажилладаг нарны халаалтын систем болон бусад хүрээлэн буй орчны туршилтын төслүүдтэй танилцах боломж олдсон юм. Аяллын төгсгөлд багш, сурагчид ЭСЯ-ны дэд тэргүүний үүрэг гүйцэтгэгч, ноён Брайн Күүнтстэй уулзаж, АНУ-Монгол улсын дипломат харилцааны талаар ярилцсан.

Элчин сайдын яамтай танилцсан сурагчид өөрсдийн сурсан зүйлсээрээ бүтээсэн бүтээл.
Элчин сайдын яамтай танилцсан сурагчид өөрсдийн сурсан зүйлсээрээ бүтээсэн бүтээл.

Гурав дахь жилдээ хэрэгжиж буй “Хөдөөнөөс хотруу” хөтөлбөр нь хөдөө орон нутгийн сурагчдад зориулагдсан бөгөөд тэдэнд мэргэжлийн гараагаа хэрхэн эхлүүлэх тал дээр мэдээлэл олгох зорилготой ба хөдөө орон нутгийн шилдэг сурагчдад Монгол улсын тэргүүлэх аж нэгж, айгууллагуудад ажил эрхлэх боломжуудын талаар танилцуулдгаараа онцлогтой юм.

2015 онд тус хөтөлбөр нь хоёр долоо хоногийн турш нийт арван багш, хорин сурагчдыг хамруулан хэрэгжсэн ба Элчин сайдын яамнаас гадна дараах байгууллагууд оролцсон байна:

  • Монгол дахь Америк Их сургууль
  • Education USA (Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв)
  • Эрдэнэс Монгол болон Эрдэнэс Тавантолгой
  • Кемпински Зочид буудал
  • Макс групп
  • Монголиа Гровт Групп
  • Монголиа Талент Нэтворк
  • Pricewaterhouse Coopers Монголиа
  • Зориг сан