2015 оны 12-р сарын 16-нд АНУ-ын Элчин сайдын яамнаас Агаарын чанарын мониторинг (АЧМ) хөтөлбөрийг албан ёсоор эхлүүлэх гэж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагаас (БОХА) баталгаажуулсан MET One BAM 1020 төхөөрөмжөөр тодорхойлсон агаарын чанарын индексийг олон нийтэд шууд түгээх вэбсайт болон твиттэр фийдийг танилцуулж байна. АЧМ нь АНУ-ын Элчин Сайдын Яамны орчмын агаар дахь нарийн тоосонцор буюу PM2.5-ын хэмжээг хянан бүртгэж, цугларсан мэдээллийг БОХА-ын “Агаарын чанарын индекс”-т (AQI) хувиргана. Энэ мэдээлэл Улаанбаатар хотод оршин сууж, хөдөлмөр эрхэлж буй Америк иргэдээс гадна нийт оршин суугчид, эрүүл мэндийн байгууллагууд болон Монгол Улсын Засгийн газрыг хамран, нийтэд нээлттэй түгээгдэнэ.
Хэвлэл мэдээллийнхнийг Элчин сайдын яамны АЧМ хөтөлбөртэй www.stateair.mn сайтаар болон twitter.com/USEmbUBAir твиттэр хаягаар танилцахыг урьж байна. АЧМ нь БОХА-ын “AirNow” системийн хэсэг тул Элчин сайдын яамны АЧМ-ийн дата www.airnow.gov сайт дээр мөн нийтлэгдэнэ. БОХА-ын агаарын чанарын индекс нь 24 цагийн дунджийг нийтэлдэг бол Элчин сайдын яамны АЧМ нь нэг цагийн дундаж тайланг нийтлэх юм.
Хөтөлбөрийн тухай: Агаарын бохирдол нь дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн нэн тулгамдсан асуудал болоод байна. АНУ-ын Төрийн департамент болон БОХА нь дэлхийн агаарын чанарын бодит цагийн мэдээллийг сайжруулах үүднээс АНУ-ын Элчин сайдын яамдыг хамруулсан хамтын ажиллагааг энэ оны 2-р сард эхэлүүлсэн. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд БОХА-ын АНУ-ын агаарын байдлын системд оролцогч Элчин сайдын яамдын мэдээллүүдийг нэгтгэх юм.
Жич: АЧМ-ын нээлттэй холбогдуулан 12-р сарын 16-ны өдөр Элчин сайдын яамнаас хэвлэл мэдээллийн арга хэмжээ зохион байгуулахгүй. 2016 оны 1-р сард тус хөтөлбөртэй холбогдуулан агаарын чанарын тухай, АЧМ төхөөрөмжийн талаар хэвлэл мэдээллийн хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулах ба үүнтэй холбогдох мэдээллийг Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны (976) 7007-6249 болон paspress@usembassy.mn хаягаар холбогдож, лавлана уу.