Элчин сайдын яамнаас Гари Хуствитын “Хотжисон нь” баримтат киног Америкийн соёл мэдээллийн төв дээр үзүүллээ

АНУ-ын Элчин сайдны яамны Байгаль орчин, шинжлэх ухаан ба эрүүл мэндийн дарга Нэйтан Жонсон арга хэмжээг нээн үг хэлсэн. (Зургийг Энхбаяр Батзориг)
АНУ-ын Элчин сайдны яамны Байгаль орчин, шинжлэх ухаан ба эрүүл мэндийн дарга Нэйтан Жонсон арга хэмжээг нээн үг хэлсэн. (Зургийг Энхбаяр Батзориг)

2015 оны 2 сарын 4-нд АНУ-ын Элчин сайдын яамны Байгаль орчин, шинжлэх ухаан ба эрүүл мэндийн албанаас Гари Хуствитийн “Хотжисон нь” баримтат кино үзүүлэх  арга хэмжээг Улаанбаатар хотын Нийтийн номын сан дээр байрлах Америкийн соёл мэдээллийн төв дээр “Smart Growth Mongolia” болон “Think Urban” байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

Энэхүү баримтат кино нь хот төлөвлөлтийн болон дэлхийн шилдэг архитекторууд, хот төлөвлөгчид, бодлого боловсруулагчид нарын тухай өгүүлдэг ба АНУ-ын Нью Йорк, Детройт, Финикс зэрэг томоохон хотуудаас жишээлэн,  иргэд хэрхэн хотынхоо орчинг эерэгээр өөрчлөхийн төлөө ажиллаж байгааг харуулдаг. Кино эхлэхээс өмнө үзэгчдээс киноны санаа нь Монгол Улсад ямар хамааралтай, бусад хотуудад хэрэгжиж  буй ажлуудыг Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд  хэрхэн ашиглаж  болох талаар бодож үзэхийг хүссэн.

Тус арга хэмжээнд оюутан сурагчид, нийгмийн залуу үеийн төлөөллүүд болон Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөлтийн газрынхан гээд нийт 120 гаруй хүн оролцов.  Киноны дараагаар  Smart Growth компанийн үүсгэн байгуулагч Г. Бат-Эрдэнэ, Think Urban компанийн санаачлагч Н.Ариунаа, Зориг сангийн төлөөлөгч Б. Энхжин болон  Азийн хөгжлийн санд ажилтай Австрали улсын иргэн хот төлөвлөгч Ханна Батэман нар хотжилт, хот төлөвлөлтийн асуудлаар  нээлттэй хэлэлцүүлгийг хөтлөн явуулав.

Киноны дараагаар болсон хэлэлцүүлэгийн үеэр. (Зургийг Энхбаяр Батзориг)
Киноны дараагаар болсон хэлэлцүүлэгийн үеэр. (Зургийг Энхбаяр Батзориг)

Хэлэлцүүлгийн үеэр үзэгчид Улаанбаатар хотод тулгараад байгаа төлөвлөлтийн асуудлууд болон тэдгээрийн боломжит шийдлүүдийн талаар санал сэтгэгдлээ хуваалцав.  Нэг залуу оролцогч тэнд байсан хүмүүсээс  хэн нь гадаад кино үзэхээр бус хэлэлцэгдэж буй асуудлыг сонирхсоны үүднээс ирсэн болохыг лавлахад  үзэгчдийн 80 орчим хувь нь тухайн сэдвийг сонирхож ирсэн гэсэн хариулт өгсөн бөгөөд нийт оролцогчдын  ихэнх хувь нь Улаанбаатар хотын төлөвлөлтийн талаар шийдвэр гаргах үйл явцад  иргэдийн оролцоо хангалтгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа  илэрхийлж байв.

Арга хэмжээний талаар оролцогчид   маш өндөр сэтгэгдэлтэй байсан  ба хамтран зохион байгуулагчид хэлэхдээ, “АНУ-ын ЭСЯ-наас энэхүү киног Монгол хэл рүү хөрвүүлснээр цаашдаа Улаанбаатар хотын хотжилтын сэдвээр өргөн хүрээнд хэлэлцэх боломжийг олгосон  чухал үйл явдал  боллоо. Хотжилтын талаар сонирхож буй бусад газруудад  энэхүү киног гаргах боломжуудыг бид эрэлхийлэх болно” ,” гээд  уг киног төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургуулиуд дээр үзүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.