
АНУ-ын Элчин сайдын яам 10-р сарын 9-өөс 11-ний хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Үндэсний ТЕFL/ 5 дахь удаагийн TESOL олон улсын хурлыг ивээн тэтгэлээ. Гурав хоногийн турш Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн Их сургууль дээр явагдсан энэхүү хуралд 300 гаруй англи хэлний багш оролцож, 70 гаруй сургалт, семинарт хамрагдсан байна. Эдгээр сургалтуудыг Монгол Улсын аймаг хотуудыг төлөөлөн ирсэн англи хэлний багш, нар мөн түүнчлэн Хятад, Орос, Япон улсад ажиллаж буй мэргэжилтэн багш нар удирдан явуулсан байна.
Хурлын үндсэн сэдэв “C3:Creativity, Communication and Collaboration” буюу “Бүтээлч сэтгэлгээ, харилцаа, хамтын ажиллагаа” нь Англи хэлний багш нарыг тэргүүн туршлагаа хуваалцаж, өөрсдийн мэргэжлийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулахыг хөхүүлэн дэмжсэн сэдэв байлаа. Монгол дахь Англи хэлний багш нарын холбооны Ерөнхийлөгч, доктор Мира илтгэгч нар болон оролцогчдод баяр хүргээд, Хэнтий аймгаас оролцсон 25 багшид онцлог баяр хүргэж, тэдний мэргэжлийн чадвараа хөгжүүлж, Англи хэлний хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг сайшаалаа.

Хятад улсад ажиллаж буй Англи хэлний мэргэжилтэн багш Дэн Слоан чуулганыг нээж үг хэлсэн бөгөөд мөн судалгааны аргууд болон унших чадварыг сайжруулах аргуудын талаар илтгэл тавьсан байна. Түүнчлэн англи хэлний мэргэжилтэн багш Меган Фэтзингер, Никол Кауп, Кристофер Отт нар харилцан яриа, тоглоом ашиглан англи хэлний хичээлийг бүтээлч, интерактив аргаар заах сургалтыг удирдан явууллаа.
Чуулганы сүүлийн өдөр, АНУ-ын ЭСЯ-ны ажилтнууд Төрийн Департаментын цахим хуудсаар багш нар болон англи хэл суралцагчдад санал болгодог Англи хэлний сургалтын материалыг танилцууллаа.