АНУ-д төгсөгчдийн гуравдугаар бага хурал

Элчин сайд Галт
Элчин сайд Галт

2015 оны 11-р сарын 21-нд АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Засгийн газрын хөтөлбөрт хамрагдагсдын Монгол дахь холбооноос (MASA) АНУ-д төгсөгчдийн гуравдугаар бага хурлыг “Сайн дурын үйлсийг онцлох нь” сэдвийн дор зохион байгууллаа. MASA буюу “Хөгжлийн элч” төрийн бус байгууллага нь АНУ-ын Засгийн газрын хөтөлбөрт хамрагдагсад эх орныхоо, нийгмийнхээ хөгжилд оруулж буй хичээл зүтгэлийг хөхүүлэн дэмжих зорилготой.

Бага хурлыг нээж АНУ-ын Элчин сайд Женнифер Зимдал Галт хэлсэн үгэндээ сайн дурын сэтгэлгээтэй гишүүдийг урамшуулж буйд нь MASA-ын 2013-2015 оны Төлөөлөн удирдах зөвлөлийг сайшаагаад АНУ-ын нийгэм дэх сайн дурынхны хувь нэмрийг дурьдаж, MASA-ын гишүүдийн сайн дурын туршлагуудыг мөн онцолсон байна.

MASA-ын Ерөнхийлөгч асан Д.Жаргалсайхан мөн илтгэл тавьсан ба тус илтгэлдээ, “Хөгжлийн явцад тулгарах олон асуудлыг өөр хэн нэгэн, төр, төрийн бус, эсвэл олон улсын байгууллага шийдэх ёстой гэж хүлээлгүйгээр бид өөрсдөө нөөц бололцоогоо ашиглан, бусдадаа тусалж, хамтран шийдвэрлэх учиртай… Сайн дурынхны хандивлаж буй хөдөлмөр, цаг, мэдлэг, чадвар, хамгийн гол нь тэдний өгөөмөр сэтгэл нь эдийн засагтаа ч асар их хувь нэмэр оруулдаг. Манайх шиг цөөн хүнтэй оронд сайн дурын үйлс чухал үүрэг гүйцэтгэх юм” гэсэн.

Бага хурлын оролцогсод
Бага хурлын оролцогсод

Бага хурлаар АНУ-ын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдагч болон Америкийн их дээд сургуульд суралцсан 100 гаруй төгсөгчид оролцож MASA-ын сүүлийн хоёр жилийн үйл ажиллагааны тухай тайлантай танилцсан ба “Залуучуудын сайн дурын ажиллагаа, Тэтгэврийн болон Мэргэжилтнүүдийг идэвхжүүлэх нь” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, 2015-2017 оны удирдах зөвлөлийн гишүүдийн танилцуулсан байна.

Элчин сайд Галтын хэлсэн үгийг бүрэн эхээр нь эндээс хүлээн авна уу. Бага хурлын зургийг эндээс үзнэ үү.

MASA-ын тухай болон гишүүн хэрхэн болох талаар вэбсайт болон фэйсбүүк хуудсаас нь холбогдож мэдээлэл аваарай.