“Harmony of Flute and Harp” тоглолт, сургалт

Уран бүтээлчид Тина Зердин ба Жэфри Кохан нар. (Зургийг www.ljubljanskigrad.si болон dmvclassical.wordpress.com сайтнаас авав.)
Уран бүтээлчид Тина Зердин ба Жэфри Кохан нар. (Зургийг www.ljubljanskigrad.si болон dmvclassical.wordpress.com сайтнаас авав.)

АНУ-ын Элчин сайдны яамнаас Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театртай (УДБЭТ) хамтран флейта болон арфа хөгжимчдийн “Harmony of Flute and Harp” тоглолтыг 2015 оны 03 сарын 19-ны 19:00 цагт зохион байгуулах гэж байна.

Ут тоглолтод зочноор АНУ-ын флейта хөгжимчин Жэфри Кохан, Австри улсын босоо ятгачин Тина Зердин нар оролцох ба УДБЭТеатрын хөгжимчид, оюутан сурагчид мөн оролцож флейта болон арфагийн өвөрмөц бүтээлүүдээс тоглож үзэгчдийн хүртээл болгох бөгөөд УДБЭТеатрын бүжигчид хамтран тоглоно.

АНУ-ын хөгжимчин Жэфри Кохан нь ОУ-ын эртний хөгжмийн Фландерс фестивалийн конкурсийн дээд шагналтай, флейт хөгжмийн мастер хэмээх цол хүртэж байсан шилдэг хөгжимчин юм. Тэрээр дэлхийн 25 оронд флейта хөгжмийн тоглолтоо хийж, флейта хөгжмийг олон улсын түвшинд тунхаглан, шилдэг хөгжмийн зэмсгүүдийн нэг гэдгийг хүлээн зөвшөөрүүлж чадварлаг нэгэн аж. Түүний хувьд Монгол улсад анх удаа ирж байна.

Тина Зердин нь гадаадын болон Австрийн үндэсний симфони найрал хөгжмийн фестивалиудад амжилттай оролцож байсан, одоо Италийн Ла Скала театрт тоглож буй туршлагатай хөгжимчин юм. Тэрээр Монгол-Австрийн дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн соёлын арга хэмжээнд оролцохоор 2013 оны 06-р сард монголд анх удаа ирсэн бөгөөд тэр цагаас хойш Монгол- Австрийн засгийн газар хоорондын гэрээгээр УДБЭТ-д босоо ятгачин бэлтгэгч багшаар ажиллаж байна. 2013 оны 11-р сарын 23-нд УДБЭТ-д зохион байгуулсан “Босоо ятгын үдэш” тоглолтонд өөрийн удирдлаган доор суралцсан сурагчидтайгаа хамтран дэлхийн сонгодог бүтээлүүдээс эгшиглүүлсэн нь Монголын сонгодог урлагийн үзэгчдээс өндөр үнэлэлт авч чадсан.

Мөн тоглолтын хажуугаар Жэфри Кохан хөгжмийн сургуулийн оюутнуудад мастер класс явуулж, Монголын мэргэжлийн урлагийн байгууллагуудын флейта болон лимбэ хөгжимчидтэй туршлага солилцон уулзалт хийж 5 төрлийн лимбийг танилцуулах юм. Тина Зердин арфа хөгжим суралцагч оюутнуудтай ажиллаж заавар зөвлөгөө өгч, тоглолтонд хамтран оролцоно.

Жэфри Кохан, Тина зердин нар нь 03-р сарын 16-нд Монголд ирэх бөгөөд тоглолт болон сургалтын тухай хэвлэлийн бага хурлыг 2015 оны 03-р сарын 17-ны 11 цагт УДБЭТ-ын 2 давхрын фоейнд зохион байгуулах гэж байна.