Монгол улсын хууль сахиулах байгууллагын ажилчид 2016 оны зургадугаар сарын 14-нөөс 22-ны хооронд АНУ-ын санхүүжилттэй хүний наймааны гэмт хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагааг сайжруулах зорилготой сургалтад оролцлоо. Хууль Зүйн Яамны дэмжлэгтэйгээр олон улсын мэргэжилтнүүд энэхүү сургалтыг зохион байгуулав.
Долоо хоногийн сургалт оролцогчдод хүний наймааны хэрэг мөрдөх үйл ажиллагааг хохирогч төвтэй болгох тал дээр оролцогчдыг чадавхижуулах, мөн бусад газар хэлтсүүдтэй хамтран ажиллах арга барилыг сайжруулахад чиглэжээ. Сургалтад цагдаа, прокурор, эрүүгийн шүүхийн шүүгчид болон Хууль сахиулахын Их сургуулийн хүний наймааны хэргийг судалдаг багш нар хамрагдсан байна. Энэ оны гуравдугаар сард АНУ-ын санхүүжилтээр явагдсан сургалтад хамрагдсан оролцогчид бүгд энэхүү сургалтад мөн оролцлоо.
Олон улсын мэргэжилтнүүд болох АНУ-ын Хууль зүйн яамны холбооны прокурор асан Алберт Московиц болон Жон Ричмонд, хүний наймаатай тэмцэх салбарт ажилладаг бие даасан хууль сахиулахын мэргэжилтэн Стив Харви нар бүгд АНУ-ын Варнат Группэд хамаардаг. Варнат Групп нь улс орнуудын хүний наймаа, хуулийн зарчим зэрэг бэрхшээлүүдэд анхаарлыг нь хандуулан энэ талаар дэлхий нийтэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, сургалт явуулах талаар мэргэшсэн байгууллага. Мөн байгууллагын хувьд сургалтын байраар хангах зэрэг үнэтэй туслалцааг Монгол улсын Хууль зүйн яамнаас үзүүллээ.
Энэхүү сургалтыг Төрийн департаментын Хүний наймаатай тэмцэх, хянах хэлтсээс санхүүжүүлжээ. Хүний наймаатай тэмцэх АНУ-ын Дэлхий даяарх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.state.gov хаягаар орж авна уу.