Монголын засгийн газар болон Батлан хамгаалахын Их сургуулийн 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид энэ оны зургадугаар сарын 20-ноос 24-ний хооронд Улаанбаатар хотноо АНУ-ын санхүүжилттэйгээр явагдсан сургагч бэлтгэх сургалтад оролцож гэр бүлийн хүчирхийлэлтэй үр дүнтэй тэмцэх чадавхаа сайжрууллаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэргүүдийг хянадаг шүүгч Рамона Гонзалес, АИкуитас: Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл дэх Прокурорын нөөц хэмээх ашгийн бус байгууллагын захирал Женнифер Лонг нарын мэргэжилтнүүд сургалтыг явуулж олон улсын хууль зүйн болон прокурорын шилдэг туршлагаас хуваалцлаа. Сургалт мөн сэтгэлзүйч, их сургуулийн багш болон бусад мэргэжлийн найман Монгол хүний туршлагаас хуваалцав.
Сургалтад хамрагдагсад гарын авлага боловсруулан Монголын шүүгч, прокурор, цагдаа, тахарын албаны албан хаагчид болон шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарын 200 гаруй хүнд хүргэх өөрсдийн сургалтандаа хэрэглэх юм. Тэдний сургалт гэр бүлийн хүчирхийллийн талаарх үйл ажиллагааны уялдааг сайжруулах, уг асуудалд хандах чадавхыг нэмэгдүүлэх чиглэлтэй бөгөөд үүнийг Монгол улсын хууль тогтоомж, олон улсын болон Монголын шилдэг туршлагуудын хамтаар хүргэнэ.
Сургагч бэлтгэх уг сургалтыг Олон улсын эрхзүйн хөгжлийн байгууллагын хэрэгжүүлж буй “Монгол дахь хүйсээр ялгаварласан хүчирхийлэлтэй тэмцэх: Хууль зүйн салбарын чадавхыг сайжруулах нь” төслөөр дамжуулан Төрийн департаментын Олон улсын мансууруулах бодис, хууль сахиулах товчооноос (INL) санхүүжүүлсэн болно. Олон улсын эрхзүйн хөгжлийн байгууллага нь Монгол улсын хууль зүйн салбарын гол байгууллагууд болох Хууль зүйн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын прокурорын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Тахарын албатай хамтран ажиллаж түншлэлээ өргөжүүлж байна.
Энэхүү ажлын хажуугаар Төрийн нарийн бичгийн даргын дэргэдэх сангаас Монгол дахь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхийг дэмжин Монгол улсын засгийн газар болон түнш ТББ-уудын гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчидтой ажиллах чадавхыг сайжруулах зорилготой “Монгол дахь хүйсээр ялгаварласан хүчирхийлэлтэй тэмцэх нь” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй билээ.
АНУ-ын Засгийн газар нь дэлхий даяар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйлсэд зориулан их хэмжээний хөрөнгө гаргадаг бөгөөд энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.state.gov хаягаар орж авна уу.