2015 оны 6-р сарын 22-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохиогдсон газар хөдлөлтийн хор уршгийг арилгах Ази номхон далайн бүсийн сургалт, дадлага сургуулилтыг Америкийн засгийн газар нь Монголын улсын засгийн газар болон бусад олон улсын түншүүдтэй хамтран дэмжиж явууллаа. Энэхүү сургалт нь үндэсний болон бүсийн гамшгийн хор уршгийг арилгах чадавх болон хот дахь эрэн хайх болон аврах (USAR) үйл ажиллагааг сайжруулах зорилготой юм. АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн харъяа Гамшигт нэрвэгдсэн гадаад орнуудад тусламж үзүүлэх газрыг (USAID/OFDA) төлөөлөн Фэйрфакс мужийн галын болон аврах алба ба Лос Анжелес мужийн галын албаны мэргэжилтнүүд энэхүү сургалтанд оролцлоо. USAID/OFDA-ын USAR хөтөлбөрийн менежер Девей Перкс сургалтын захирлын үүргийг гүйцэтгэв.
Энэхүү сургалт нь олон улсын USAR-ын нийгэмлэг доторх харилцаа холбоог тогтоож бэхжүүлсэн бөгөөд USAR-ын сургалт болон амьдралд тохиолдож болох бодит гамшгийн хувилбараар дамжуулан оролцогчдыг USAR-ын тараан байрлуулалт болон зохицуулалтын журамтай танилцуулсан. Сургалтын үеэр оролцогчид газар хөдлөлтийн үед олон улсын USAR-ын тусламжийн дагуу шаардагдах ямар арга хэмжээ авах, үйл явдлыг хэрхэн хурдан дүгнэх, хэрэгцээ шаардлагыг чухал дарааллын дагуу болгох болон нуранги доор байгаа хүмүүсийг аврах төлөвлөгөө хэрхэн боловсруулах талаарх мэдлэгтэй болсон юм.
Энэхүү сургалт, дадлага сургуулилтыг Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлэг (INSARAG) зохион байгуулж, Монгол улсын Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авч оролцсон юм. INSARAG нь НҮБ-тэй холбоотой болох 80 гаруй улс орон болон байгууллагуудын дэлхийн сүлжээ юм. INSARAG-ийн хэрэг эрхлэх газар болох НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал зохицуулалтын алба нь олон улсын оролцоог хамруулсан бөгөөд сургалтын олон улсын бүрэлдэхүүн хэсгийг зохицуулсан болно. INSARAG нь хот дахь эрэн хайх болон аврах үйл ажиллагаатай холбоотой асуудал хариуцдаг бөгөөд USAR-ын багт зориулж олон улсын стандартын доод хэмжээ болон газар хөдлөлтийн хариу үйлдэлд олон улсын зохицуулалтын арга барилыг тогтоож ажилладаг байна. Энэ жилийн Монголд зохиогдсон сургалт нь 4 дэх удаагаа USAID/OFDA нь Ази номхон далайн бүсийн сургалт, дадлага сургуулилтыг санхүүжүүлсэн болно.