АНУ Монгол дахь зудын гамшгийн эрсдэлийг бууруулахад үзүүлэх тусламжаа нэмэгдүүлнэ

Монгол улсад 2015-2016 онд нүүрлэсэн зудын хор уршгийг тогтоох болон гамшгийн нөхцөлд бэлэн байдлыг хангахад зориулж АНУ-аас 800,000 ам. долларын тусламж үзүүлэхээр боллоо. Урд өмнө үзүүлсэн 150,000 ам. долларын тусламжийн адил энэхүү нэмэлт тусламжийг зудад нэрвэгдсэн хүмүүст нэн шаардлагатай хүмүүнлэгийн тусламжийн барааны тээвэрлэлтийг санхүүжүүлэх болон аймаг сумын удирдлагуудад зориулсан гамшигт байдалд хэрхэн бэлэн байх талаарх сургалтуудыг үргэлжлүүлэн өргөн хүрээнд зохион байгуулахад зарцуулах юм.

АНУ-ын Засгийн Газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Гамшигт нэрвэгдсэн Гадаад орнуудад Туслалцаа үзүүлэх Алба (ОУХА/ГГТА) -аар дамжуулан 15 аймагт зудын гамшгийн үр нөлөөллийг бууруулах, урт хугацаанд мал аж ахуйн тогтвортой байдлыг дэмжин ажиллах бөгөөд үүндээ Мерси Кор байгууллагатай хамтрах юм. Уг хөтөлбөрийн хүрээнд гамшгийн эрсдэл бууруулах сургалт зохион байгуулснаар аймаг сумын төвшинд болзошгүй зудын эрсдэлийг тооцоолох, хохирлыг бууруулах, мөн үндэсний төвшинд текст-мессэжид суурилсан мэдээлэл солилцох систем нэвтрүүлэх бололцоотой болно. Ингэснээр малчид гар утсан дээрээ цаг агаарын урьдчилсан мэдээг төвөггүй авах боломжтой болж, мэдээлэлд суурилсан шийдвэр, гамшигт бэлтгэх стратеги боловсруулах бололцоотой болох юм.

2011 оноос хойших хугацаанд нийт 2.5 сая орчим ам. долларыг АНУ-ын ОУХА/ГГТА-р дамжуулан Монголд хэрэгжүүлсэн Гамшгийн эрсдэлийг бууруулах төсөл хөтөлбөрүүдэд зарцуулсан билээ. Үүнээс нэрлэвэл, сургуулиудад суурилуулсан гамшгийн төлөвлөлтөөр сургуулийн удирдлага болон сурагчид гамшгийн байдалд бэлэн байх, мөн орон нутгийн удирдлагад гамшгийн дохиоллын системийн сургалт зохион байгуулах зэргээр гамшгийн байдлын үйл ажиллагааг сайжруулах төслийг хэрэгжүүлсэн.

Монгол дахь АНУ-ын ОУХА-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл төлөөлөгчийн газрын (976)7007-6001 утсаар холбогдоно уу.