2015 оны 7 дугаар сарын 31-нд Монгол дахь Энх тайвны корпусын захирал хатагтай Дарлин Грант болон Монгол Улсын Гадаад хэргийн сайд ноён Л. Пүрэвсүрэн нар Монголын Энх тайвны корпусын гэрээнд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэлээ. 1990 оны 8 дугаар сарын 2-ны тус гэрээнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гарын үсэг зуралцаж байсан Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн болон АНУ-ын Элчин сайд Пайпэр Кэмбэлл нар мөн байлцаж, баярын арга хэмжээнд үг хэллээ.
1990 онд Монгол Улсын Засгийн газрын урилгаар Монгол Улс дахь Энх тайвны корпус хөтөлбөрийг эхлүүлсэн ба 1991 онд ирсэн анхны сайн дурынхны бүлгээс хойш 1149 сайн дурынхан Монгол Улсад ажилласан байна. Элчин сайд Кэмбэлл хэлсэн үгэндээ “Энэхүү 1149 хүмүүсийн тогтоосон харилцаа холбоог би ихээр үнэлдэг. АНУ-Монгол Улсын харилцаа цэцэглэн хөгжих тусам манай Энх тайвны корпусын хөтөлбөр ч мөн цэцэглэн хөгжсөөр байх болно” гэлээ. Одоогийн байдлаар 156 орчим Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд Монгол улсын боловсрол, эрүүл мэнд болон орон нутгийн залуучуудын хөгжлийн чиглэлээр ажиллаж байна.
Монгол Улс дахь Энх тайвны корпусын сайн дурын ажилтнуудыг олон нийтэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаануудад идэвхтэйгээр оролцдог орон нутгийн хөгжлийн ажилтан гэж үздэг. Тэд мөн ХДХВ / ДОХ болон архидан согтууралтаас улбаатай хүчирхийллийн талаарх мэдлэг мэдээлэл тараах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн чадавхийг бэхжүүлэх, хүйсийн тэгш эрх зэрэг чиглэлээр салбар хоорондын санаачлагуудыг дэмжин ажилладаг. Сайн дурын ажилтнууд Монгол орны 21 аймагт ажиллаж байна.