АНУ болон Монгол улсын Засгийн газар хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт энэ оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Гадаад хэргийн яаманд боллоо. Төрийн департаментын Зүүн Ази, Номхон Далайн асуудал хариуцсан Туслах нарийн бичгийн дарга Даниел Рассел, түүний орлогч Сюзан Торнтон, АНУ-ын Мянганы Сорилын Корпорацийн Удирдах захирал Жонатан Брүүкс зэрэг АНУ-ын төлөөлөгчдийг, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Монгол улсын Засгийн газрын төлөөллийг тус тус тэргүүлэн уг уулзалтад оролцлоо.
АНУ болон Монгол улс хоёр улсын хоорондын эдийн засаг худалдааны харилцаа, Монгол улсын энхийг сахиулах үйл ажиллагааанд оруулж буй хувь нэмрийг АНУ-ын талаас дэмжих, болон бүс нутгийн аюулгүй байдлын талаар авч хэлэлцсэн байна. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалт нь АНУ-Монгол улсын хоорондын Худалдаа, Хөрөнгө оруулалын Ерөнхий Хэлэлцээрийг сэргээсний дараа болж байгаагаараа чухал онцлогтой юм хэмээн Туслах нарийн бичгийн дарга Д.Рассел тэмдэглэн хэлжээ. Түүнчлэн Монгол улсын 25 жилийн ардчилсан дэвшил болон ардчилал хөгжиж буй улсуудын хувьд үлгэр дуурайлал болж байдгийг дэмжиж буйгаа АНУ-ын төлөөлөгчид илэрхийллээ.