Америкийн Нэгдсэн Улс ба Монгол Улс “Эгч дүүс үндэсний цогцолборт газар” хөтөлбөрт гарын үсэг зурлаа

АНУ-ын Элчин сайдын яам АНУ-ын Йосемити үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам (БОНХАЖЯ)-д эгч дүүс үндэсний цогцолборт газар гэрээнд гарын үсэг зурсан явдалд баяр хүргэж байна. 2015 оны 7 дугаар сарын 18-ны Бямба гарагт Хөвсгөл аймгийн Хорьдол Сарьдагийн дархан цаазат газарт болсон ёслолын ажиллагаан дээр АНУ-ын Элчин сайд Пайпэр Кэмбэлл болон Хөвсгөл аймгийн Дэд засаг дарга Ч.Очирхуяг нар үг хэлж, энэхүү гэрээгээр хоёр улс байгалийн нөөцийн менежмент, эрүүл амьдрах орчин, биологийн төрөл зүйл, байгаль орчны боловсрол зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэж байгааг онцоллоо.

Ёслолын үеэр АНУ-ыг төлөөлж Йосемити үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Орчуулгын ба боловсролын хэлтсийн дарга Том Медима, Монгол Улсыг төлөөлж Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын дарга Ж.Төмөрсүх, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын дарга Л.Даваабаяр нар гэрээг үзэглэлээ. Йосемити үндэсний цэцэрлэгт хүрээлэн  нь ЧБНУ, Хятад БНХАУ болон ХБНГУ-ын Засгийн газартай эгч дүүс цэцэрлэгт хүрээлэн харилцаатай ба Йосемитийн энэхүү шинэхэн гэрээгээр Монгол Улсын дөрвөн онгон газар нутгийг хамарна. Үүнд: Хөвсгөлийн байгалийн цогцолбор газар ба түүнтэй хил залгаа Тайгын бүс бүслүүрт орших Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газар, Хорьдол Сарьдагийн дархан цаазат газар, Тэнгис-Шишгэдийн байгалийн цогцолборт газар орно.

БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар нь цэцэрлэгт хүрээлэн, тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах замаар Монгол Улсын үндэсний болон соёлын өвийг хадгалан хамгаалах зорилттойгоор 2012 онд байгуулагдсан. Монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг Монгол экологи төв нь 2011 оноос хойш тус хэлтэстэй хамтран ажиллаж, АНУ ба Монголын удирдах албан хаагчдын хоорондын харилцааг дэмжиж ажиллахад чухал үүрэг гүйцэтгэсэн.

АНУ-ын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд дундаас хамгийн эртнийх нь болох Йосемити үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь 1890 онд байгуулагдсан ба энэ онд 125 жилийн ойгоо тэмдэглэж байна. Монгол улсын Засгийн газар Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг 1992 онд тусгай хамгаалалтанд авчээ. Хөвсгөл нуур нь Монгол Улсын гадаргын цэвэр усны 70-аад хувийг эзэлдэг (дэлхийн нийт цэвэр усны 1%) ба 2014 онд ойролцоогоор 80,000 жуулчид Хөвсгөл нуурыг үзэхээр зорин ирж байсан бол энэ жилийн Наадмын 5 хоногт нийт 40,000 гаруй жуулчид мөн саатсан байна.