
Энэ нийтлэл нь blogs.state.gov сайт дээр 2016 оны 4-р сарын 13-нд анх нийтлэгдсэн болно.
2016 оны 4-р сарын 13-ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Вашингтон Д.С хотноо төрийн департаментад Хүний эрхийн хэрэгжилтийн талаарх 2015 оны улс орнуудын тайланг танилцуулж мэдэгдэл хийсэн байна.
Тус тайлан нь энэ жил 40 дэх жилдээ хэвлэгдэн гарч байгаа бөгөөд дэлхийн 199 улс орны хүний эрхийн төлөв байдлыг баримтжуулсаар ирсэн байна.
Төрийн нарийн бичгийн дарга Керри хэвлэл мэдээллийнхэнд хэлсэн үгэндээ тус тайлангийн талаар санал бодлоо солилцоод зогсохгүй тайланг хөрвүүлэхэд ашиглагдсан стандартуудын нийтлэг шинж чанар, мөн түүнчлэн тус баримт бичигт заасан хэм хэмжээнүүдийн тухай онцлон тэмдэглэжээ. “Эдгээр стандартууд нь хүн ардад тулгахын тулд дур зоргоороо бий болгосон стандартууд биш юм. Эдгээр стандартууд нь дэлхийн ихэнх улс орнуудад, тэр ч байтугай хүний эрхийг хүлээн зөвшөөрсөн мөртлөө зөрчдөг улс орнуудад хүртэл батлагдаж, дэмжигдэж, хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрхийн түгээмэл стандартууд юм. Эдгээр стандартууд бол олон улсын хэм хэмжээ мөн” гэж тэрээр мэдэгджээ.
Төрийн нарийн бичгийн дарга Керри цааш нь тэмдэглэж хэлэхдээ энэхүү тайлан нь АНУ-ын төрийн департментийн зүгээс дэлхий даяар хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг хөгжүүлэхийн тулд хийж буй ажлын өчүүхэн хэсэг бөгөөд улс орнуудтай нэг бүрчлэн, мөн түүнчлэн бидний өөрсдийн харьяалагддаг олон талт байгууллагуудын хүрээнд хүний эрхийг боловсронгуй болгох тухай асуудлыг онцлон тэмдэглэх явдал нь манай зүгээс хэрэгжүүлж буй хөтөлбөрийн үндсэн хэсэг юм гэжээ. “Энэ департментийн албаны хүмүүс суурь эрх, эрх чөлөөний нэрийн өмнөөс дэмжлэг үзүүлэх, авилга, хээл хахуулийн эсрэг санал бодлоо илэрхийлэх, улс төрийн хоригдлуудыг суллахыг шаардах, эсвэл үндсэн хуулийн процедур болон эрх зүйт ёсыг дээдлэх бидний дэмжлэгийг онцлон тэмдэглэхгүйгээр нэг ч өдрийг өнгөрүүлж байгаагүй юм” гэж тэрээр хэллээ.
Төрийн нарийн бичгийн дарга Керри өөрөө болон албаны бусад хүмүүс АНУ-ын нэрийн өмнөөс дэлхийн улс орнуудын удирдагчидтай уулзаж хүний эрхийн асуудалтай холбоотой тодорхой нэрс, хэрэг явдлууд болон хувь хүмүүсийн талаар асуудал тавьсаар ирсэн тухайгаа жишээ татан тайлбарласан юм. Тэрээр төв Ази дахь иргэний нийгмийн хөгжлийг дэмжих, Египет дэх хүчирхийллийн болон хүчирхийллийн бус санал зөрчилдөөнийг хооронд нь ялгаж салгах, Кубад улс төрийн илүү нээлттэй байдал болон цахим сүлжээний хандалтыг дэмжих зэрэг АНУ-ын хүчин зүтгэлүүдийн талаар жишээ болгон ярьжээ.
Мэдээжийн хэрэг хүний эрх, эрх чөлөөний талаар ярилцсан бидний яриа хэлэлцээр бүхэн нэн даруй үр өгөөжөө өгдөггүй – тогтвортой хүчин чармайлтын үр шимээр аажим аажмаар хөгжил дэвшил гарах боломжтой гэдгийг төрийн нарийн бичгийн дарга Керри тэмдэглээд Тунис, Нигери, Шри-Ланк, Бирм зэрэг улс орнуудад гарсан ардчиллын чухал ололт амжилтуудын жишээнүүдийг дурдлаа. Мөн тэрээр анх удаагаа ажилчдыг эвлэлдэн нэгдэх эрх чөлөөгөөр хангах чухал ач холбогдолтой бие даасан үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг байгуулах боломжийг олгох Транс-Номхон далайн түншлэлийн жишээ болгож Вьетнам улсыг онцоллоо.
Төрийн нарийн бичгийн дарга Керригийн ажигласнаар 2015 оны тайланд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн их анхаарал татсан, гүн гүнзгий зөрчлүүд нь терроризмын талбар хийгээд асар их шаналал, зовлонг учруулсан Сирийн мөргөлдөөний өлгий нутаг Ойрх Дорнодод өрнөсөн байна. Тэрбээр Сири, Ирак болон бусад газар нутагт үйлдэгдэж буй хүний эрхийн зөрчлийг шийдвэрлэх олон улсын хүчин чармайлтад үзүүлэх бидний дэмжлэг туслалцааны талаар яриад ийм нөхцөл байдлыг бий болгосон хүмүүст энэ үйлдлийнх нь төлөө хариуцлага хүлээлгэх ёстой гэдгийг сануулсан байна. “Үүний тулд бид харгислал, хүчирхийллийн баримт нотолгоог судлах, цуглуулах, дүн шинжилгээ хийх, хадгалах олон улсын хүчин чармайлтыг дэмжиж байна. Бид хүний эрхийн зөрчлийн хохирогчид, түүний дотор боолчлолд нэрвэгдсэн эмэгтэйчүүд, охидод зөвлөгөө болон бусад төрлийн тусламж үзүүлэх зэргээр өөрсдийн зүгээс чадах бүхнээ хийж байна.
Гуравдугаарт, бид түншүүдийнхээ хамтаар Даеш /Daesh/-ийн дарах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. Тэдний булаасан газар нутгийн хэмжээг багасаж, удирдлагын бүтцийг нь задалж, орлогын эх үүсвэрийг нь тас цохин, нийлүүлэлтийн сувгийг нь таслахын зэрэгцээ тэдний аймшигт харгислал, үзэл суртлын эсрэг дэлхий нийтийг нэгтгэх болно. Эцэст нь хэлэхэд, бид Сирийн мөргөлдөөнд улс төрийн шийдлүүдийг, түүний дотор хүмүүнлэгийн тусламжид бүрэн хамрагдах, дайтах ажиллагааг зогсооход дэмжлэг үзүүлэх, хамгийн эмзэг хоригдлуудыг суллах, мөн 2012 оны Женевийн албан ёсны мэдэгдэл болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2254 тогтоолын дагуу Сири улсаар-удирдуулсан улс төрийн шилжилт хөдөлгөөнийг хийх зэрэг алхмуудыг тууштай эрэн хайсаар байна.
Төрийн нарийн бичгийн дарга Керри үг хэлэх үеэрээ АНУ-ын Засгийн газар болон бусад бүх улс орны засгийн газарт хүний эрхийн асуудлыг сайжруулах чадвар байгаа гэдгийг онцлон тэмдэглэжээ. Тэрээр “… хүний эрхийг хүндэтгэх нь зөвхөн ёс суртахууны үүднээс хүлээсэн үүрэг хариуцлага биш юм; Энэ нь нэгдмэл хүчтэй, баян чинээлэг нийгмийг байгуулахад улс орны нийт ард иргэдийн хүч чадлыг бүрэн гарган авах боломж юм. Энэ нь тогтвортой байдалд заналхийлдэггүй; харин ч түүнийг сайжруулдаг. Үүнийг та бүхэн хүний эрхийг хүндэтгэдэг улс орнуудад хүмүүс нь илүү аз жаргалтай, өөрийнхөөрөө байж, хийж бүтээх, шинээр сэтгэх, бизнес эрхлэх, нийгэмд өөрчлөлтийг хийх эрх чөлөөтэй байдлаар нь хэмжиж болно” хэмээн давтан тэмдэглэлээ.
Нэмэлт мэдээлэл: