АНУ-ын Конгрессын гишүүд Монгол Улсад албан айлчлал хийж байна

Great Seal of the United States

АНУ-ын Элчин сайдын яамны
Олон нийттэй харилцах алба
2018 оны 9-р сарын 17

Хэвлэлийн мэдээ

АНУ-ын Конгрессын гишүүд Монгол Улсад албан айлчлал хийж байна

АНУ-ын Конгрессын таван гишүүн Монгол Улсад есдүгээр сарын 16-наас 18-ны хооронд айлчилж байна. Хоёр намын төлөөллөөс бүрдсэн гишүүдийг Төлөөлөгчдийн танхимын Ази, Номхон далайн Гадаад харилцааны дэд хорооны дарга, Конгресс дахь Монголын бүлгийн дарга, Флорида мужаас сонгогдсон Төлөөлөгч Тэд Ёохо ахалж байна. Энэхүү айлчлал нь АНУ-Монгол улсын ойр дотно харилцааны илэрхийлэл болж, хамтын үнэт зүйлс, нийтлэг сонирхол, зорилгын талаар санал солилцох боломж олгож байна.

АНУ-ын Конгрессын гишүүдийг Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Төрийн ордонд хүлээн авч уулзан,  хоёр орны эдийн засаг, аюулгүй байдлын талаарх хэд хэдэн чухал асуудлаар ярилцлаа. Уулзалтын үеэр талууд эдийн засаг, аюулгүй байдал, боловсрол болон соёлын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэд мөн бүс нутгийн аюулгүй байдлын заналхийлэлд үзүүлэх олон улсын хариу үйлдэл, өсөн нэмэгдэж буй худалдаа, хөрөнгө оруулалт, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт олон улсын дэг журмыг баримтлахын ач холбогдол зэрэг асуудлаар хамтран ажиллах талаар санал солилцлоо. Монгол улс ардчилсан үзэл баримтлалд тууштай ханддагт нь Конгрессын гишүүд талархал илэрхийлээд тус улсын цаашдын хөгжил дэвшилд хоёр намын зүгээс дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Мөн АНУ-ын Конгрессын төлөөлөгчидМонгол Улсын Их Хурлын дарга М. Энхболд болон Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар нартай уулзаж, хоёр орны харилцаа болон олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

###