Лей Хартман
–
2021 оны 5-р сарын 4
Уйгуруудын хувьд өөрсдийн төрөлх хэлээ ашиглах нь цаазын ял сонсохтой адил зүйл болж байна. БНХАУ-ын эрх баригчид өөрсдийн хэл дээрээ сурах бичиг хэвлүүлдэг исламын шашинтай Уйгурын сурган хүмүүжүүлэгчдийг цагдан хорьж, бүх насаар нь шоронд хорих, зарим тохиолдолд цаазаар авах ял оноож байна.
БНХАУ-ын шүүхээс дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Шинжаан дахь боловсролын газрын ерөнхий захирал асан Саттар Савутыг “угсаатны салан тусгаарлах үзэл”, “терроризм” зэргийг ухуулан сурталчилсан гэх хэргээр цаазаар авах ял оноосон гэж Ассошиэйтед Пресс агентлагаас мэдээлсэн байна. Одоогоор тус ялыг хоёр жилийн хугацаагаар түдгэлзүүлжээ.
Түүнчээс гадна эрх баригчид исламын шашинтай Уйгурын таван эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгчдийг цагдан хорьж, тэдгээрийн гуравт бүх насаар нь хорих ял оноожээ. Эрх баригчид уг хүмүүсийг олон жилийн өмнө баривчилсан бөгөөд ялын шийдвэрийг саяхан олон нийтэд ил болгосон байна.

Хоригдож буй Ялкун Розигийн хүү Камалтюрк Ялкун хэлэхдээ эдгээр ял шийтгэл нь Бээжингээс Уйгур соёлыг устгах ажлын нэг хэсэг гэжээ. “Сурах бичгүүдэд Уйгурын баялаг соёлыг харуулсан байдаг тул БНХАУ-аас тэдгээрийг онилсон” гэж тэрбээр мэдээллийн агентлагт хэлсэн бөгөөд “тэд уйгур хэл, боловсрол, соёлыг бүр мөсөн устгахыг хүсч байна” хэмээжээ.
АНУ болон түнш орнууд Шинжаан дахь ислам шашинтай Уйгурууд болон бусад үндэстэн, шашны цөөнх бүлгүүдийн эсрэг үйлдэж буй Бээжингийн хүний эрхийн зөрчил, хүчирхийллийг таслан зогсоохоор зорилт тавин ажиллаж байна.
БНХАУ-ыг хэрэгжүүлж буй хэлмэгдүүлэлтийн аяныхаа хүрээнд дараах арга хэмжээг авч байна гэж хүний эрхийг хамгаалах байгууллагууд үзжээ. Үүнд:
- Олон нийтээр цагдан хорих.
- Албадан хөдөлмөр эрхлүүлэх.
- Албадан үргүй болгох.
- Эрүүдэн шүүх.
Эдгээр зөрчлүүдтэй холбоотойгоор АНУ нь Канад, Их Британи болон Европын Холбоотой хамтран БНХАУ-ын албан тушаалтнуудын эсрэг хориг тавьсан байна.
Сурах бичиг зохиогчдыг шийтгэх үйлдэл нь Бээжингээс нутгийн иргэдийг өөрсдийн унаган хэлээ ашиглахыг хязгаарлах зорилготой авч хэрэгжүүлсэн цорын ганц арга биш бөгөөд Уйгуруудын хувьд цор ганцаар өртсөн цөөнх бүлэг биш юм. 2017 онд БНХАУ-аас Шинжааны зарим сургуулиудад уйгур хэлийг ашиглахыг хориглосон байна. Түүнчлэн 2020 оны 9 дүгээр сард Бээжингээс Монгол улстай хил залгаа оршдог БНХАУ-ын хойд бүс нутаг болох Өвөрмонголын сургуулиудад хэл зүй, улс төр, түүхийн хичээлүүдийг уугуул монгол хэл дээр бус эх газрын хятад хэлээр заах тушаалыг гаргасан байна.
Эрдэм мэдлэгийг олж авах эрх чөлөө нь өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхээр хамгаалагдсан байдаг бөгөөд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд “үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана” гэж заасан байдаг.
АНУ-ын Төрийн Департаментаас боловсруулан гаргадаг 2020 оны Хүний эрхийн тайланд БНХАУ-д сурах бичгүүдийг “Хятадын Коммунист Намын (ХКН) редакцийн хяналтан дор байдаг” болохыг дурдсан байна. Уг тайланд Хятадын Коммунист Намын ислам шашинтай Уйгуруудад чиглэсэн хэлмэгдүүлэлтийг “аймаглан устгах, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг” гэж тодорхойлжээ.
Ялкун өөрийн аав Розиг 2016 оны 10 дугаар сард сураггүй алга болохоосоо өмнө 100 гаруй Уйгур соёлын сурах бичгийг редакторлаж эмхтгэсэн гэжээ. 2018 онд БНХАУ-ын эрх баригчид Розиг “төрийн эрх мэдлийг урвуулахаар өдөөсөн” гэх үндэслэлээр цагдан хорьсон болохыг мэдэгдсэн байна.
БНХАУ-аас Уйгур болон бусад цөөнхийн соёлын эсрэг үйлдэж буй хэлмэгдүүлэлтийн аяныг эрчимжүүлэх хүртэл олон жилийн турш түүний эцгийн сурах бичгүүдийг ашиглахыг зөвшөөрдөг байсан гэж Ялкун хэлэв.
Тэрбээр “БНХАУ нь түүхийг устгаж, шинээр зохион бичих гэж оролдож байна” гэж Ассошиэйтед Пресс агентлагт мэдээлсэн байна.