АНУ-ын мэргэжилтнүүд хүйсээр ялгаварласан хүчирхийлэлтэй тэмцэх чадавхыг сайжрууллаа

АНУ-ын мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар Монголын хүчирхийллээс хамгаалах байрны ажилчид, албаны хүмүүс болон ТББ-ын удирдлагууд 5-р сарын 11-ээс 6-р сарын 1-ний хооронд хэрэгцээн дээр суурилсан хүйсээр ялгаварласан хүчирхийлэлтэй тэмцэх үр дүнтэй стратегийн сургалтыг хамгаалах байрны ажилтнуудад зориулан эхлүүлэх зөвлөгөө, сургалтанд хамрагдлаа.

Монголд айлчилж буй мэргэжилтнүүд Улаанбаатар хот болон орон нутаг дахь хүчирхийллээс хамгаалах байрны нөхцөл байдалтай танилцах, засаг захиргааны удирдлагууд, мөн саяхан батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн ажлын хэсэгт орж ажилласан гишүүдтэй уулзсанаар ажлаа эхлүүллээ. Эндээс мэргэжилтнүүд хамгаалах байрны ажилтнуудад зориулсан сургалтын шинэ хөтөлбөр боловсруулах ажлыг удирдан эхлүүллээ. Гурав хоногийн сургалтын хэсэгт хүйсээр ялгаварласан хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үзүүлэх хамгаалах байрны үйлчилгээний туршлагын талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд мөн сургалтын хөтөлбөрийг ашиглалаа. Үүний дээр мэргэжилтнүүд хөрөнгө босгох болон төсөл бичих талаарх хичээл орж, төслийнхөө саналыг сайжруулахад өөрсдийн хөтөлбөрийн үр дүнг хэрхэн тусгах талаар төвлөрөн ажиллалаа. Айлчилж буй мэргэжилтнүүд нь Аляск мужийн Захирагчийн албаны бодлогын ахлах зөвлөх Кэйти ТиПас, Бетэл Коммюнити Сервисиз Сангийн Гүйцэтгэх захирал Майкл ДиВитт нар юм.

Мэргэжилтнүүдийн энэхүү айлчлал нь Монгол улсын засгийн газар болон түнш ТББ-уудын гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчидтой ажиллах чадавхыг хүчирхийллээс хамгаалах байрны удирдлагын арга барил, гэр бүлийн хүчирхийллийн хариу үйлдэл, урьдчилан хамгаалах төлөвлөгөө зэрэг мэдээллээр хангаж сайжруулах зорилготой “Монгол дахь хүйсээр ялгаварласан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хоёр дахь хэсэг байв.

Энэхүү төслийг АНУ-ын Төрийн департамент дахь Төрийн нарийн бичгийн даргын дэргэдэх Дэлхий дахины эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн албанаас ивээн тэтгэсэн бөгөөд гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийг зогсоох зорилготой Монголын ТББ болох Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс төслийн хэрэгжилтийг удирдан явуулж буй юм.