
2015 оны 5-р сард WaSH Action байгууллагын усны мэргэжилтэн Н.Жавзансүрэн АНУ-д Төрийн Департаментын Мэргэжлийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дадлага хийгээд ирлээ. Тэрээр Нью Йорк хотноо байх нэг сарын хугацаандаа Waterkeeper холбооноос гол мөрнийг цэвэр тунгалаг байдлыг хангах чиглэлээр зохион байгуулдаг Riverkeeper Sweep үйл ажиллагаанд оролцсон ба АНУ-д хуримтлуулсан туршлагадаа үндэслэн тэрбээр Туул голын Waterkeeper байгууллагыг байгуулсан байна. Дэлхийн 32 оронд байрлах 260 гаруй гишүүн байгууллагатай Waterkeeper холбоо нь тус байгууллагыг саяхан гишүүнээрээ бүртгээ авсан байна.
Н.Жавзансүрэн нь усны чанар, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйг сайжруулах чиглэлээр ажиллаж буй WaSH Action байгууллагад усны мэргэжилтнээр ажилладаг ба усны аюулгүй байдал, хамгааллын чиглэлээр хэд хэдэн кампанит ажил зохион байгуулж туршлагатай. Тэрээр мөн Зориг сангийн Байгаль орчны манлайлагч хөтөлбөрийн төгсөгч юм.
Мөн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдагч АНУ дахь Waterkeeper холбооны Азийн бүсийн зохицуулагч хатагтай Мин Жэнг нь 2015 оны 8-р сарын 17-29-ны хооронд Улаанбаатар хотноо Туул голын төсөл дээр Жавзансүрэнтэй хамтран ажиллаж байна. Монгол Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд тэрээр Монгол Улсын Усны хэрэг эрхлэх газар болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Сав газрын захиргаатай уулзах ба Туул голыг бохирдлоос хамгаалах чиглэлээр судалгаа явуулах юм байна.

Хатагтай Жэнг нь олон нийтийн оролцоонд тулгуурласан санаачлагыг хөгжүүлэх чиглэлээр ажлын гараагаа эхлүүлж, сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд залуусын болон олон нийтийн байгаль орчны мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Мин Жэнг нь өөрийн судалгаа болон Коста Рика, Өмнөд Африк, Хятад, Япон зэрэг улс оронд хийсэн аяллуудаараа дамжуулан олон улс дахь байгаль орчны асуудлаарх туршлага хуримтлуулсан усны мэргэжилтэн юм.
Н.Жавзансүрэн болон Мин Жэнг нар нь АНУ-ын Төрийн департаментаас санхүүжүүлж, АНУ-Хятадын харилцааны үндэсний хорооноос удирдан явуулдаг Мэргэжлийн тэтгэлэгт хөтөлбөрийн 2015 оны зуны хөтөлбөрийн оролцогчид юм. Тус хороо нь Улаанбаатар хот дахь Зориг сантай хамтран байгаль орчин, филантропи, хууль зүйн туслалцаа үзүүлэх зэрэг чиглэлээр хоёр талын солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.